Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

       Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

       Эрхэм хүндэт нутаг нэгт урианхай, тува, дөрвөд, халх ахан дүүс ээ!

      Та бүхэн улиран өнгөрч буй «Баясгалант» хэмээх хөх усан луу жилээ арвин их амжилтаар үдэж, усан могой жилдээ даага далантай, бяруу булчинтай, эсэн мэнд золгож, өргөө хотлоороо сайхан битүүлцгээж байна уу.

     Та бүхэндээ Монгол түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Сар шинийн баярын мэндчилгээг хүргэж, шинээр учран золгож буй могой жилдээ хотол олноор энх амгалан, элбэг дэлбэг, элэг бүтэн, эвтэй найртай, баяр жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

      Дорнын улс түмний олон зуун жилийн түүхтэй Цагаан сарын баяр нь гүн гүнзгий утга агуулгатай, хуучин оноо үдэж шинэ онтойгоо, өвлийн улирлаа үдэж хаврын улиралтайгаа учран золгох ерөөлтэй цагийг билэгдэн, өнгөрсөн жилийнхээ ололт амжилт, алдаа оноог дүгнэн цэгнэж, ирэх цагийнхаа өнгийг сайн сайханаар төсөөлөн бэлэгшээдэг нүүдэлчин түмний их баяр цэнгэл билээ.

      Улиран одож буй луу жил манай аймгийн хувьд ч өгөөж буянаа харамгүй хайрласан, амжилт бүтээлээр арвин, улс төр, оюун санааны амьдралд ч багагүй эерэг өөрчлөлт гарсансайхан жил боллоо. Өрх гэрт маань бүл нэмэгдэж, эрдэнэт мал сүрэг маань өсөн арвижлаа. Аймгийн нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудын үйл ажиллагаанд багагүй ахиц дэвшил гарлаа.

        Монгол улсын Засгийн газар, Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас жил бүр Цагаан сарын баярыг угтаж тухайн жилийн хөдөлмөрийн сайчуудыг тодруулж байдаг уламжлалтай бөгөөд тэр ёсоор Сар шинийн баярын өмнөхөн 2012 онд хөдөлмөрийн амжилтаараа бусдыгаа хошуучлан манлайлсан олон арван хүнийг улс, аймаг, сумын «Сайн малчин»,«Тэргүүний тариаланч», «Хөдөлмөрийн аварга»-аар тодоруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

       Үүнд: Улсын сайн малчинаар Цэнгэл сумын малчин Баймухамедийн Талгат, Алтанцөгц сумын Жумагажийн Аманбек, Улсын тэргүүний тариаланчаар Баяннуур сумын Битикийн Музыкан, Улсын тэргүүний тариаланч хамт олноор Сагсай сумын Рыстан захиралтай «Көкөнис» хоршоо шалгарсан бол аймгийн Сайн малчнаар Алтай сумын И.Үйсэв, Сагсайн Х.Ажыхай, Булганы М.Болысхан, Буянтын М.Цэндочир, Улаанхусын Т.Семсер, К.Сьезд, Цэнгэлийн Т.Еркетай, М.Азил, Дэлүүний Р.Емелхан, Баяннуурын Б.Байгул, аймгийн тэргүүний тариаланчаар Алтанцөгцийн Ж.Майлыбай, Баяннуурын Б.Хуаныш, Сагсайн Х.Болат, Тэргүүний МАА-н мэргэжилтнээр Алтай сумын мал эмнэлгийн үйлчилгээний тасгийн дарга З.Досан, тэргүүний анчнаар Цэнгэлийн И.Жамантай, Өлгий сумын О.Сергей нар шалгарлаа. Түүнчлэн ИНЕГ цахилгааны инженер М.Хуанбек, Стандарт хэмжилзүйн газрын эскперт Р.Гүлзада, Хотгорын нүүрсний уурхайн өрмийн машинист А.Тохтамурат, «Эрчим» ХХКомпанийн бульдезорчин С.Жолбарыс, «Суат» ХХК-ийн эксковаторчин М.Хапура, Хот тожижуулах албаны байцаагч Б.Азберген, Тээвэр, авто зохицуулах газрын тээвэр зохицуулагч А.Султанхан, Байгаль орчны албаны Цэнгэл сум дахь байгаль хамгаалагч И.Хуантай, ахлах 6 дугаар сургуулийн багш Т.Дауренбек, ахлах 4 дүргээр сургуулийн багш Т.Елка, Өлгий сумын уран сайханч А.Енбек, Толбо сумын хүн эмнэлгийн эх барих бага эмч Ж.Булбул, «Фатиха» хүн эмнэлгийн сувилагч-лаборант Ж.Амангүл, Татварын хэлтсийн улсын байцаагч Ш.Ханат, Буянт сумын Мал эмнэлгийн үйлчилгээний тасгийн дарга О.Гаваадулам, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Уатхан, Буянт сум дахь ХААН банкны ахлах теллер Х.Данагүл нар тус тусынхаа салбараас аймгийн тэргүүний ажилтан, Сагсай сумын цэцэрлэгийн эрхлэгч Х.Табысхан тэргүүний менежерээр тодорлоо.

          Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2012 оны «Аймгийн манлай бөхөөр» аймгийн начин Нурланы Мустафа, «Аймгийн манлай харваачаар» урианхай сурын улсын мэргэн Ожооны Эрдэнэбилэг, «Аймгийн манлай уяачаар» Өлгий сумын уяач Байгабылын Пернебек нар тодорсон бол Аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр 2012 оны ажил үйлс, амжилт бүтээлээрээ «Аймгийн тэргүүний сум»-аар Алтай, САгсай, Булган, Цэнгэл сумууд шалгарлаа.

        Дээр дурьдсан улс, аймгийн тэргүүний цол хүртсэн хөдөлмөрийн сайчууд болон сум, багийн хамт олон, ард иргэдэд нийт Баян-Өлгийчүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

         Сар шинийн баяраар зуу насалж зургаадай таягаа тулсан ахмад буурлууд маань Монгол улсын Ерөнхийлөгчийн, олон арван ахмадууд аймгийн Засаг даргын гарын бэлэг хүртсэн бол аймгийн төв, хөдөө сумдын болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ч буянтай буурлууд, ахмад ажилтан ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, баярлуулсан гэдэгт итгэлтэй байна.

          Угтан золгож буй могой жилдээ манай аймгийнхан урьдын ололт амжилтаа уламбататган арвижууж, иргэн бүр, айл өрх, албан байгууллага, ААН, хамт олон бүр шинэлэг санал санаачлага гарган бүтээлч ажлыг өрнүүлэх болно гэдэгт итгэл төгс байна.

         Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр – Цагаан сарын энэхүү бэлэгтэй сайхан өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газар болон хувиасаа өрх гэрийн эзэн хүн бүрт болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.

         Цагаан сар маань цагаан мөртэй байж, усан могой жилдээ хүн бүхэн аз хийморьтой, сэтгэлийн баясал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!

            Та бүхэн сайхан шинэлээрэй!

Аймгийн ИТХ-ын дарга Бураны Лазатхан,

Аймгийн Засаг дарга Хузкейн Дармен

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top