Х.Бателханы товч намтар

Х.Баделхан 1954 оны дөрөв дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1976 онд МУИС-ийг Авто инженер мэргэжлээр төгсөж, 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2008 онд нутгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Орос хэлтэй.

Х.Баделхан 1976-1978 онд Улаанбаатар хотын автобус баазад инженерээр ажиллах болжээ. Түүний сургуулиа төгсөх жилээ санаалчилсан “Улаанбаатар хотын автобусны хөдөлгөөнийг хянах төхөөрөмж” сэдэвтэй бүтээл нь ШБОС-оор шалгарч Ю.Цэдэнбал даргаас алтан медаль гардаж байжээ. Тиймээс шинэхэн төгссөн залуу инженерийг Тээврийн яамнаас Улаанбаатар хотын автобус баазын инженерээр томилон ажиллуулсан түүхтэй аж. 1978-1988 онд аймгийн Тээврийг удирдах газрын ерөнхий инженер, газрын даргаар ажиллах үедээ найман төрлийн ШБОС санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байжээ. 
Тэрбээр 2000 онд хүмүүс хэдэн сарын турш тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй, сургууль цэцэрлэг халаалтгүй, хоолгүй болсноос зогсохдоо тулчихсан аймгийг хүлээн авчээ. Аймаг даяараа өрөнд дарагдан, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ олон сараар аваагүй арга ядсан хүмүүс бухимдаж байлаа. Зарим сумын Засаг даргын Тамгын газар өөрийн гэсэн байргүй энд тэндхийн байшингийн буланд толгой хоргодож байж. Шинэхэн Засаг даргад шийдэх ёстой асуудал маш их байсан нь мэдээж. Харин өнөөдөр түүнийг Засаг даргаар ажиллах хугацаандаа зах зээлийн шуурганд сөхөрсөн аймгийн үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын уналтыг зогсоож, сэргээн хөгжүүлэх эхлэлийг тавьсан гэдэгтэй өдгөө маргах хүн байдаггүй аж.  Х.Баделхан аймагтаа хийсэн ажлаа өөрийн сайнд бус тухайн үеийн нөхцөл байдал, цаг хугацааны хувьд нааштай үе тохиосонтой холбоотой гэж үздэг.
Тэрбээр одоо ч гэсэн малчдын амьдрал сайнгүй л байна хэмээн сэтгэл нь зовсоор яваа түшээ. Малчдын орлого буурсан, эмнэлгийн салбарын үйлчилгээ хангалтгүй байгаа гэх мэт асуудлыг шийдэхээр холбогдох яамтай ярьж ажлын хэсэг томилуулжээ Ажлын хэсэг байдлыг газар дээр нь үзэж харж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа гэсэн. Өлгий нутгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд дээрх асуудлуудаас аймаг руу чиглэсэн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, чөлөөт бүс барих асуудлыг түргэсгэх, Асгатын Мөнгөний ордыг ашиглалтад оруулах, түүнээс үүдэх ашиг орлогыг нутгийн иргэдэд хүртээх талаар цаашид илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны гишүүн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top