Үхэр жилийн /2009 он/ эхээр Монгол, Казахын түүхэн харилцаа холбооны тухай сэтгүүлч, зохиолч Б.Монголхүү “Цаст Алтайн чуулган” нэртэй ном бичиж, хэвлүүлжээ. Тэр тухай зохиолч Ш.Зухайгаас сонсож, олж үзэхийн хүслэн болоод байтал Монголоос ирсэн хүн зохиолч М.Батайд нэгийг өгсөн байв. Дээрх хоёр хүн хоёулаа МЗЭ-ийн гишүүн болохыг энэ дашрамд дурдъя. Тэгээд М.Батайгаас эл номыг авч үзээд сониноор дамжуулж уншигч олон түмэнтэй сэтгэгдлээ хуваалцъя гэж бодов.
Б.Монголхүүгийн “Цаст Алтайн чуулган” номын тухай санал бодлоо нэгдүгээрт ном ба түүнийг зохиогчийн тухай, хоёрт, өнгөрсөн цаг үеийг нүдээр үзэж, биеэр туулсан, өнөөгийн бидний үе эл номын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, гуравт, Баян-Өлгий аймгийн удирдлага, оюунлаг хүмүүс энэ номын ач холбогдлыг тунгаан ойлгож, сурталчлах тухай, дөрөвт, номын зохиогчийг төрийн соёрхол болон бусад шагналд нэр дэвшүүлэх тухай дөрвөн зүйл дээр хэлье гэж бодлоо.
Б.Монголхүүгийн “Цаст Алтайн чуулган” номын тухай санал бодлоо нэгдүгээрт ном ба түүнийг зохиогчийн тухай, хоёрт, өнгөрсөн цаг үеийг нүдээр үзэж, биеэр туулсан, өнөөгийн бидний үе эл номын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа, гуравт, Баян-Өлгий аймгийн удирдлага, оюунлаг хүмүүс энэ номын ач холбогдлыг тунгаан ойлгож, сурталчлах тухай, дөрөвт, номын зохиогчийг төрийн соёрхол болон бусад шагналд нэр дэвшүүлэх тухай дөрвөн зүйл дээр хэлье гэж бодлоо.
I
Энэ ном олон талын асар их мэдээллийг багтаасан аварга том бүтээл, түүхийн цадиг болжээ. Б.Монголхүү ямар их хөдөлмөр, зүтгэл тэвчээр, хөлс гаргасан нь номоос ханхалж байна. Тэр бурхан тэнгэрийн ивээл, эцэг эхийнхээ буянаар оюун билгийн тэнхээтэй төрсөн нэгэн байж. Б.Монголхүү тэрхүү оюун билгийн хишгийг унтраачихалгүй төлжүүлэхийн зэрэгцээ монгол хэлийг гүнзгий сурч, яруу сайхан эзэмшсэн нь иргэний ухамсрын том чанарын нэг юм. Б.Монголхүү ийм том бүтээл хийхээр мятаршгүй зүтгэж, өчнөөн эрэл хайгуул хийж явахад нь, мөн номоо хэвлүүлэхэд нь хань Ц.Өлзий, хайрт үр хүүхдүүдийнх нь хувь нэмэр асар их байсан нь номоос мэдрэгдэж байна.
Зохиолч их зүйл уншин тунгааж, баримт сэлтийг сонгож, архивт суун, хүмүүстэй уулзаж, уйгагүй явж, хөдөлмөрлөж бэрхшээл шаналгааг даван туулж байж хэн бүхний санаснаар бүтчихгүй сайхан ном бүтээжээ. Номоос монгол, казах хоёр хэлний гүнзгий сайн бэлтгэл, нийгэм түүхийн чамлахааргүй мэдлэгтэй нь тодорхой харагдаж байна. Энэ дашрамд зайлшгүй хэлэх нэг зүйл бол Б.Монголхүү сүүлийн гучаад жилийн турш Казахстаны алдарт зохиолч Абай Кунанбаеваас эхлэн Монголын казах хэлт зохиолчдын бүтээлийг монгол хэлнээ орчуулж ирснийг миний бие сайн мэднэ. Бид уулзаж учралгүй хориод жил болсон хэдий ч орчуулах ажлаа хийсээр байгаа нь “Цаст Алтайн чуулган”-аас харагдаж байна. Ам нээвэл уушиг нээгддэг болохоор энэ далимд орчуулгынх нь талаар ганц нэг жишээ хэлмээр санагдав. 1980-аад онд миний бие Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн удирдах газрын орлогч, Шувуун фабрикийн даргаар ажиллаж байх үед Б.Монголхүүтэй нийлж Казахстаны зохиолч Ш.Муртазаевын “Кызыл жебе” /Дэлт сум/ романыг орчуулсан юм. Мөн миний нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй “Келин” /Бэр/ туужийг тэр орчуулсан билээ. Харамсалтай нь 20 жил хавтсанд унтаж байгаа билээ. Б.Монголхүү эрийн цээнд хүрээгүй бага ахуйдаа Баян-Өлгий нутгаасаа гарч явсан нэгэн. Түүнээс хойш 20 жилийн дараа сургууль соёл төгссөн боловсрол мэргэжилтэй тэр төр нийгмийн төв хэвлэл “Үнэн” сонины ажилтан болж, аймаг орон нутагт сурвалжлагчаар ажиллаж байсныг нь сайн санаж байна. Тийм маягаар ажлын туршлага сууж амьдралыг танин мэдэж, уран бүтээлдээ өсөж дэвжсэний нэг нотолгоо нь энд өгүүлэн байгаа “Цаст Алтайн чуулган” хэмээх аварга том ном болж байна.
II
Өнгөрсөн он жилүүдийг нүдээр үзэж, биеэр туулсан үе үеийнхний нэг хэсэг нь бид юм. Б.Монголхүү тэдний нэг нь. Түүний энэ ном хүмүүний түүхэнд ховор тохиолдох бодит амьдралын гэрч болжээ. Энэ номыг 400 жилийн түүх намтар болсон Киргизийн “Манас”-тай зүйрлэвэл хэтрүүлэг болохгүй юм. Учир нь Жанибек баатраас өнөөдрийн энэ номын эзнийг хүртэл өч төчнөөн он жилүүд улиран оджээ.
Казахын дунд жигүүрт багтаж байсан Керей, Найман, Уах омгуудын амьдралын сайн сайханд тэмүүлсэн хандлага, ерөөсөө Манж, Хятад, Орос гэсэн шунахай гүрнүүдийн дарлал, ноёрхол болон өөрсдийн хаад ноёдын мөлжлөг талхидалтаас ангижрах гэсэн ард түмний тэмцэл, сүү шиг ариун цагаан сэтгэл, энх түвшин амьдралд хязгааргүй хайртай, гүн гүнзгий ухаан бодолтой, мэдлэгтэй, хариуцлагатай, энэрлээр дүүрэн мөс чанарыг нотолсон товчоон нь энэ ном болсон байна.
Алтай гэдэг алдарт нэрийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Уул Алтай буюу Горный Алтай, Цаст Алтай буюу Монгол Алтай, Өр Алтай гэж байгаа. Өр Алтай бол Алтайн нурууны өвөр биеийн /Шинжаан/ өргөн уудам нутаг билээ. Б.Монголхүү номдоо сүүлийн хоёр Алтайд аж төрж ирсэн казахын хөвгүүд охид нь Монгол гэдэг агуу ард түмэнтэй эв санаа, хүсэл мөрөөдөл нэгтэй аж төрж, амь биеэ хайрлалгүй хөдөлмөрлөж, аливаа дайсны эсрэг хамтдаа тэмцэж, цугтаа суралцан боловсрол мэдлэг эзэмшиж, өсөж өндийж явах замдаа өчигдөр /ардын хувьсгал ялах үед/ 23 мянгахан байсан казахууд 80 жилийн дотор 10 дахин өссөн зэрэг олон тоо баримтыг 100 хуудастай номд тоймлон өгүүлсэн нь дэлхий дээр ястан үндэстнүүд /казах, монгол шиг/ эв найртай нэгдэн аж төрж, өл, өлсгөлөн, зовлон бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулахын сайхан үлгэр дууриалыг бас ноттой өгүүлжээ. Нэг талаар энэ нь үндэстний түүхийн амьд туульс юм. Тиймээс энэ том ном дэлхийн улс үндэстнүүдийн төлөөлөл болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ширээнд байвал зохих ном ажээ.
Учир нь номд дэлхийн аль ч улс орны ард түмэнд мэдвэл зохих өдий төдий түүхэн явдал, түүхт хүмүүсийн тухай оржээ. Тухайлбал, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Б.Жанибек, С.Оспан, Ш.Ногай, Жамила сайд, К.Зардыхан, С.Магауия, М.Зайсанов, М.Экей, К.Сайраан зэрэг олон зуун хүн байна. Тэд цөм хүн төрөлхтний түүхэнд нэртэй мөртэй хүмүүс. Бүгд л өнөөдөр дэлхийн “Засгийн газар”-НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улстай амьдрал түүхээрээ холбоотой бөгөөд дэлхийн хэмжээнд ил гарч байх учир жанцантай. Юу гэвэл “Цаст Алтайн чуулга” нь дэлхийн соёлын түүхэнд зохих нэмэр болохуйц бүтээл болсноос тэр юм.
III
Баян-Өлгий аймгийн хувьд байгуулагдсан 70 жилийн түүхэнд болж байгаа баярт том үйл явдлын нэг нь “Цаст Алтайн чуулган” хэмээх энэ ном юм. Түүнийг зохиогч, тус аймгийн унаган хүн болох Б.Монголхүү энэхүү гайхалтай бүтээлээрээ ажрагсдад амь оруулсан юм шиг, амьдыг нь эвлүүлж нэгтгэсэн юм шиг сэтгэл төрүүлэв. Тиймээс энэ номыг аймагтаа сурталчлах, улмаар Казахстаны ард түмэн болоод дэлхийн нийт казахуудад эх хэл дээр нь хүргэх ажлыг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг болно. Тэгэхийн тулд уул номыг казах хэлнээ даруйхан орчуулж, дор хаяхад 3000 хувиар хэвлэх хэрэгтэй байна.
Аймгийн зохиолчдод зуу зуун хуудсаар хувааж өгөөд орчуулахад хагас сарын дотор бүтэх ажил. Олны хүч оломгүй далай шүү дээ. Тэгээд Улаанбаатарт хэвлэж, Казахстаны бүх шатны сургууль, номын санд түгээвэл их буянтай ажил мөнөөс мөн. Санаачилга гаргавал бүтэхгүй ажил гэж байхгүй юм. Нөгөөтэйгүүр Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ой ирэх 2010 онд болно. Тэр ойг угтаж ийм том номоор бэлэг барьсан сэтгүүлч, зохиолч Б.Монголхүүг аймагтаа урьж, казах ардын уламжлалт зан заншил ёсоор түүнд “морь унуулж” /бэлэглэж/ хүндэтгэл үзүүлбэл аймгийн том ойн үеэр хийсэн нэр төртэй ажил болох бус уу гэж бодогдоно.
IV
Улс үндэстэн, хүний нийгмийн оюуны амьдралд чухал аливаа номыг үнэлэх үнэлэмж нь агуулгын ач холбогдлоор тодорхойлогдох ёстой. Тэгвэл “Цаст Алтайн чуулган” номд өгүүлсэн ястан үндэстний найрамдал, нөхөрлөл, амьдралын эерэг сөрөг талын үнэн түүхийг бодитойгоор тусгасан, тэр дундаа Монгол, Казахын эрт урьдын сайн сайхан уламжлалт харилцаа холбоо төдий бус, өнөөгийн бужигнаантай цаг үед ч Монгол, Казах хоёр улс, ард түмнийг улам бүр ойртуулахыг гол болгосон цар хүрээ өөрийн орны казах иргэдээ болоод Казах улсад хандах хандлага, хүндэтгэл нь урд урьдынхаас улам бүр халуун дулаан болж байгаа. Түүний баталгаа нь Монгол Улсын иргэн хүний бичсэн “Цаст Алтайн чуулган” ном болж байна.
Б.Монголхүү “Цаст Алтайн чуулган”-ыг бүтээхдээ ямар их хөдөлмөр зарсныг талархан дэмжиж, Монгол, Казах ард түмнийг эчнээгээр дахин нэг учруулсан түүнийг алтан холбогчоор өргөмжлөх нь шударга үнэнд нийцнэ биз ээ.
Б.Монголхүү “Цаст Алтайн чуулган”-ыг бүтээхдээ ямар их хөдөлмөр зарсныг талархан дэмжиж, Монгол, Казах ард түмнийг эчнээгээр дахин нэг учруулсан түүнийг алтан холбогчоор өргөмжлөх нь шударга үнэнд нийцнэ биз ээ.
Монгол, Казахын түүх соёлоор хязгаарлахгүй дэлхийн соёлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан “Цаст Алтайн чуулган” хэмээх түүхэн бүтээлийг өнгөрсөн цаг үеийн нүд чих нь болсон өнөө үеийн бид дутуу үнэлж болохгүй юм. Тиймээс энэ номыг шагналд дэвшүүлэх ажлыг Баян-Өлгий аймгаас зохион байгуулж тус аймаг дахь сэтгүүлч, зохиолчдын салбараас нийт уран бүтээлч нөхдийн гарын үсгийг цуглуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд Монголын сэтгүүлч, зохиолчдын төв байгууллагуудын оролцоотойгоор Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулбал түүнээс илүү буянтай үйлс гэж юу байх вэ. Үүний учир Баян-Өлгий аймгийн соёлын байгууллагаас Б.Монголхүүг Төрийн шагналд нэр дэвшүүлэх ажлыг тус аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулаасай гэж хүсэж байна. Түүнээс гадна Монгол Улсын төр засаг өөрсдийнхөө төрүүлж өсгөсөн иргэний нэг, Монгол Казахын харилцааны цадиг түүх бичлэгийн салхийг хагалсан Б.Монголхүүд үзүүлэх төрийн хишиг халамж нь бидний хүсэж байгаачлан бүтнэ гэдэгт найдаж байна.
Сэтгүүлч, зохиолч Б.Монголхүүгийн “Цаст Алтайн чуулган” ном нь үнэлэхгүй байхын аргагүй бүтээл тул уран бүтээлч нөхөртөө урам хайрлаж дэмжих нь шударга иргэн бүрийн ариун үүрэг мөн гэж үзээд үүнийг бичлээ.
Сэтгүүлч, зохиолч Б.Монголхүүгийн “Цаст Алтайн чуулган” ном нь үнэлэхгүй байхын аргагүй бүтээл тул уран бүтээлч нөхөртөө урам хайрлаж дэмжих нь шударга иргэн бүрийн ариун үүрэг мөн гэж үзээд үүнийг бичлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх: