Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг дарга Х.Шынарбектэй орон нутгийн төсвийн ил тод байдал, казах иргэдийн хоёр улсын тэтгэмжийн талаар ярилцлаа.
-Сумынхаа эдийн засгийн онцлогоос сонирхуулахгүй юу. Танайх нийслэл болон аймгийн төвөөс алслагдмал сумдын нэг?
-Манай сум урианхай, казах үндэстнээс бүрдсэн 5000 гаруй иргэнтэй. Эдийн засгийн хөгжлийн хувьд дэд бүтцэд ойр сумдаас муу. Сумын нутаг дэвсгэр хэдий байгалийн өвөрмөц тогтоцоос бүрдсэн, аялал жуулалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцөлтэй ч нийслэл, аймгийн төвөөс алслагдмал болохоор энэ салбар сайн хөгжөөгүй. Зарим сумын жишгээс харахад ашигт малтмалаа түшиглээд иргэд нь ажлын байртай болсон байдаг. Манайд энэ боломж хомс. Нөөц багатай ганц алтны ордын нөөц дууссан. Харин төмрийн орд илэрч, хайгуул хийж дууссан боловч урт нэртэй хуулийн хүрээнд ашиглагдахгүй байгаа. Энэ мэт шинээр ажлын байр гарахгүй байна. Залуу гэр бүлд амьжиргааны эх үүсвэр хомс байдлаас болж шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй иргэн нийслэл рүү шилжсэн. Үүний олонхи нь ажилгүй залуус.
-Төр сум, орон нутгаа хөгжүүлэх бодлого барьж буй. Үүнийгээ Сум хөгжүүлэх сангаар дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн. Танай сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хэр үр дүнтэй ажилд зарцуулагдаж байна?
-Сум хөгжүүлэх сангийн мөнгө орон нутгийн хөгжилд чиглэхээс гадна иргэдэд төсөв, хөрөнгөө оновчтой зарцуулах эрхийг нээж өгсөн гэж боддог. Энэ жил Сум хөгжүүлэх санд Баян-Өлгий аймгийн сумдад 300-500 сая төгрөг төсөвлөсөн. Бид улсын хөрөнгө оруулалтаар хийх ажлын төлөвлөгөөг гаргасан. Сум хөгжүүлэх сангийн мөнгөөр аль салбарт юу хийх, хаана асуудал шийдэх шаардлагатай байгааг багийн иргэдийн хурлаар ярилцаж, сумын бүх багийн иргэдийн хурлын дүгнэлтийг нэгтгэж ерөнхий жагсаалт гаргасан. Үүний дагуу Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хаана, хэрхэн зарцуулахыг шийднэ. Харин баг бүрт ямар асуудал байгааг иргэдээс нь асууж мэдээлэл авахыг чухалчилж байгаа.
-Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөв гээд орон нутгийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэл дагуулсан мөнгөний асуудал бас бий. Үүнийг та хэр оновчтой хуваарилж байна?
-2011 оноос эхэлж сумдад Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх мөнгө өгдөг болсон. Тухайн онд манай суманд 75 сая төгрөг өгсөн. Ер нь энэ мөнгөтэй холбоотой асуудал сум бүрт үүссэн байна. Жижиг үйлдвэр ч байгуулахад хүрэлцэхээргүй 500 мянга, нэг сая төгрөгийн зээл олгосон гэх шүүмжлэлийг олон дарга нар сонссон. Мөн зарим газар танил талдаа олгосон шүүмжлэл гарсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгийг хэрэгтэй газар нь онож хуваарилахын тулд иргэдийн саналыг авч, төсөл бичүүлэх нь эхний алхам. Үүний дараа олон хүний төслөөс ойрын хугацаанд хэрэгжүүлэх, хүнд хэрэгтэйд нь хөрөнгө оруулах шаардлагатай байгаа юм.
-Зарим сумын удирдлагууд дөрвөн жилийг төлөвлөсөн, санасан ажлаа хийхэд хангалтгүй хугацаа гэдэг. Харин та сумын Засаг даргаар хоёр дахиа сонгогдож. Танд дахин дөрвөн жил байна. Энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?
-Ойрын хугацаанд сумынхаа онцлогт тохирсон 10-20 хүний ажлын байртай 1-3 жижиг дунд үйлдвэр барихад анхаарч байна. Бүсийн нэмэгдлийг тогтоох талаар төр олон жил ярьсан. Манайд нүүрсний үнэ бусад сум, аймгийн төвийн ханшаас гурав дахин үнэтэй байдаг. Үүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс бүсийн нэмэгдлийг аймгаар биш сумаар нь ялгаж тогтоох шаардлагатай байгааг төрд удаа дараа илтгэсэн. Бүсийн нэмэгдлийн талаар ярьж байгаа ч батлахгүй байгаа. Бүсийн нэмэгдлийг сумдад олгох талаар нэлээд хөөцөлдөх бодолтой байгаа. Үүнийг алслагдсан сумдын иргэдийн орлогод нөлөөлнө гэдгийг олон хүн хэлж байгаа. Аймгийн төвөөс сумын төв дайрч Ярантын боомтод хүрэх замыг сайжруулчихбал зам дагаад эдийн засаг өснө гэж бодож байна. Үүнийг бас ойрын хугацаанд ажил болгоно .
-Алслагдсан сумдын тулгамдсан асуудлын нэг төвийн цахилгаан шугамд холбох ажил байдаг. Танай суманд эрчим хүчний хүртээмж хэр хангалттай байна?
-Манай сумыг цахилгаантай болгох талаар төр, аймаг сумын удирдлага 10 гаруй жил ярьсан. Нэг хэсэг нарны эрчим хүчээр хангах талаар ярьж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин өнгөрсөн жил цахилгаан дамжуулах шугам тавих ажил дуусч, сумын айлууд тогтой золгосон. Гэхдээ одоо ч гэсэн 10-20 гаруй хоногоор тог тасрах байдал гарсаар байна. Байнга тог тасарч гэнэт ирдэг байдлаас болж өнгөрсөн жил сумын айлуудын цахилгаан хэрэгсэл шатаж их хэмжээний хохирол амссан. Эрчим хүчний ажлыг н.Содном захиралтай “SMMS” компани гүйцэтгэсэн.
-Казах иргэдийг хоёр улсад бүртгүүлж, тэтгэмжийн мөнгө авч байгаа хэргээр УМБГ-т шалгаж байгаа. Танай суманд ийм иргэн байна уу?
-Хэдэн жилийн өмнө Казахстан руу нүүгээд буцаж ирсэн хүмүүс байгаа. Тэдний алдсан, гээсэн бичиг баримтаар Казахстанд бизнес хийж байгаа бүлэг хүмүүс бий. Саяхан хүртэл Баян-Өлгий аймгийн төв зах дээр “Казахстан улсаас шилжиж ирсэн иргэдийн иргэний үнэмлэх өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарлал хаа сайгүй байсан. Тэр зарлалын цаана казах иргэдийн бичиг баримтыг хууль бусаар ашиглаж, Казахстанд бизнес хийдэг байгаа юм.
-Хууль бус энэ бизнест Баян-Өлгий аймгийн удирдлагууд хяналт тавиагүй юм уу?
-Тухайн үед энэ байдлыг манай улс зохицуулж чадаагүй. Баян-Өлгийгөөс казах иргэдийн үнэмлэхийг худалдаж аваад Казахстан улсад бизнес хийдэг байдалд төр, аймгийн удирдлагын аль нь ч хяналт тавиагүй. Үүнээс болж өнөөдрийн энэ байдал үүсээд байна.