Монгол Улсын Ерөнхийлөгч Наурыз баярын өдөрлөгт оролцов

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр буюу нарны баяраа тэмдэглэдэг. Энэ баярыг угтсан “Наурыз 2013“ёслолын өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.
“Наурыз-2013” өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авч ёслолын үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлээд Сүхбаатарын талбайд ажиллаж байгаа казахын урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхлоо. Мөнгөн тоногтой казах үндэсний бүс, үнэгэн малгай, шар шувууны өдөн чимэглэл, өнгө өнгийн хатгамал бүхий эдлэл, хэрэглэл, үйлдвэрийн аргаар бэлтгэж ваакум савлагаанд хийсэн адууны хатаасан мах зэргийг үзэсгэлэн худалдааны лангуун дээр дэлгэн тавьсан байв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатарын талбайд барьсан казах гэрүүдээр орж үндэсний хувцас, гоёл, эмээл, хазаар, морины тоноглол, гэр ахуйн хэрэглэлүүдийг сонирхов. Казах залуу бүргэдтэй бүжиг бүжиж, хүүхэд, залуус домборын эгшгээр зочдыг мялаалаа.

Гэрт зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй ярьж байгаад энэ жилийн хаврын баяр, Наурызын баярыг улсынхаа нийслэлд сурталчилъя. Улс орон даяараа баярладаг баяр болгоё гэж ярьсан. Энэ дагуу орон нутгаас иргэд ирж Сүхбаатарын талбай дээр казах иргэдийн соёл, уламжлал, олон үед хадгалж ирсэн зүйлсийг нийслэлийн иргэд, хүүхэд, залууст сонирхуулахаар бэлдээд байгаа. Орон нутгийн музейн үзмэрүүд, олон зүйлийг авчирсан. Мөн урлагийн тоглолт зохион байгуулна.
Нийт иргэддээ хаврын баяр, Наурызын баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Баян-Өлгий аймгаас ирсэн иргэдтэй цаг агаар, нутаг усны талаар яриа өрнүүллээ.





http://www.president.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top