Өлгийд харъяатын асуудал шийдлээ

Төрийн тэргүүн 75 жилийн дараа ирлээ 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт сурталчилгааны ажлаа хийлээ. Тэрбээр эхлээд тус аймгийн Дэлүүн сумын сонгогчидтой уулзалт хийсэн юм. Төрийн тэргүүн тус суманд 1938 оноос хойш биечлэн ирж байгаагүй бөгөөд 75 жилийн дараа ийнхүү хүрэлцэн ирсэнд нутгийн зон олон ихэд бэлэгшээж байсан юм. Дэлүүн суманд Ерөнхийлөгчтэй уулзахаар Толбо, Булган сумын төлөөлөл мөн ирсэн байлаа. Казах заншлаар өндөр настай ээжүүд хүндэтгэлийн идээ болох Шашу цацаж, сумын Ардчилсан намын гишүүд туг далбаагаа намируулан нэр дэвшигчийг онгоцны буудалд угтав.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд торойтол ялан гарч ирэхийг бэлгэдэж аймаг, сумын наадамд хэдэнтээ түрүүлсэн хурдан хээр морийг уяач н.Мурбей нэр дэвшигч Ц.Элбэгдоржид бэлэглэсэн юм. Нийт 7000 хүн амтай Дэлүүн сумынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Ц.Элбэгдоржийг 56,1 хувиар дэмжсэнээ энэ удаа ч бататгана хэмээж байлаа.
695 иргэний харьяатыг сэргээжээ
            Казах түмний хувьд хамгийн тулгамдсан сэдвийн нэг нь иргэний харьяатын асуудал байдаг. Зарим хүн тэтгэмжийг нь авч хүртэхийн тулд орон нутагтаа малаа маллан амьдарч байгаа хүнийг Казахстан руу шилжсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн Монгол Улсын харьяатаас нь гаргачихсан байдаг байна. Үүнийг хэзээ хойно мэдсэн иргэн аль ч улсын харьяат бус, аль эсвэл Монголдоо байгаа атлаа Казахстаны иргэн болчихсон байдаг аж.
Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард болсон Наурызын баяраас хойш 908 иргэний харьяатын асуудлыг авч үзэн 695 иргэний Монгол Улсын харьяатыг сэргээж, зургадугаар сарын 10-ны өдөр 213 иргэний иргэншлийг сэргээх зарлигт гарын үсэсг зурахаар болсноо мэдэгдэв. Харин Ногооннуур сумын иргэн ээж, хүү хоёрын харьяатын асуудал бага зэрэг бэрхшээлтэй байгаа гэсэн юм. Харьяатын асуудлыг ийнхүү хурдан шийдэж өгч байгаад казах иргэд ихээхэн талархалтай байв.
Мөн энэ зургадугаар сард багтаан Баян-Өлгий аймаг, Казахстаны Устьмингурскийн хооронд үйлдэж байсан агаарын нислэгийг сэргээхээр болсноо мэдэгдсэнийг иргэд талархан хүлээж авав.
Ээжүүдэд хүүхдээ хоёр нас хүртэл нь цалинтай асрах тэтгэмж олгох, өөрийнхөө болон хөрш, айл саахалтынхаа таваас дээш хүүхдийг гэрээрээ харж асрах ээжүүдэд тэдгээр хүүхдийн цэцэрлэгт хүмүүжих хувьсах зардал болох 116500 төгрөгийг цалин болгон өгөх зэрэг арга хэмжээ авах гэж байгааг иргэд алга ташин хүлээж авсан юм. Үр хүүхдээр өнөр өтгөн казахчуудад хамгийн сайхан мэдээний нэг энэ байлаа.
Өлгийчүүд халуун дотноор угтав
            Нэр дэвшигч Ц.Элбэгдорж мөн өдрөө Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо ажилласан юм. Түүнийг дэмжиж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Барилга, хот байгулалт, зам тээврийн дэд сайд Х.Ержан нар ажиллалаа. Тус аймагт орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулжээ. Аймгийн шинэ удирдлага болох Засаг дарга Х.Дармен, ИТХ-ын дарга Б.Лазатхан нар богино хугацаанд сайн ажиллаж, иргэд нь ч ам сайтай байлаа. Баян-Өлгий аймгийн олон сумын Ардчилсан намын гишүүдийн төлөөлөл аймгийн төвийн онгоцны буудлаас Өлгий хотын төв хүртэл эгнэн жагсч, мөн хотын төв талбайд иргэд хэдэн эгнээ болон жагсч нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг маш халуун дотно, хүндэтгэлтэйгээр угтсан юм. Тэд “Ц.Элбэгдоржийг дэмжье”, “Амжилт хүсье”, “Та ялна аа”, “Танд дахин боломж өгье” гэсэн үгсийг цуурайтуулж байлаа.
 
Өлгийн цэргийн хүрээний дайчид жагсч, ээжүүд илдээний дээж “шашу” өргөж, өндөр настан аксакалууд “Бата” ерөөл айлтгаж нэр дэвшигчийг гүнээ хүндэтгэж буйгаа илэрхийлцгээв. Мөн казах хээ хуартай нөмрөг, мөнгөн эмээл хазаартай хурдан саарал морийг Өлгийн Ардчилсан намын гишүүд нэр дэвшигч Ц.Элбэгдоржид бэлэглэж амжилт ерөөлөө.
 
 
Аймгийн төвд болсон иргэдийн уулзалт дээр хаяа залгаа Ховд аймгийн Цаст Алтайн хүүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэдгээ иргэд илэрхийлж урмын үгийг харамгүй хайрласан юм. Мөн Казахстаны иргэн болсон зарим хүн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэхээр Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржид өргөдөл, хүсэлт гардуулж байв. Сүүлийн олон хоног тэнгэр хангай тавгүйрхсэн ч нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ирсэн өдөр нар гийж, налгар зуны өдөр айлчилсанд казах зоны төлөөлөл ихэд бэлэгшээж байлаа.
Баян-Өлгийн чадалтай боловсон хүчнүүдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмждэгт тэд талархаж байв. Элчин сайд К.Саираан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Султан нарыг тэд нэрлэсэн юм.
Сөрөг талын зүгээс “Ц.Элбэгдорж казах дээл өмсдөггүй, казах хүнд дургүй, каз, ямааны мах иддэггүй” гэх зэрэг цуурхал тараажээ. Үүнийг няцааж тэрээр “Би Монгол Улсынхаа үндэстэн, ястан бүрийг ижил тэгш анхаардаг. Надад арван казах дээл бий. Түүнийг хүүхдүүд маань тоглолт хийхдээ өмсчихсөн гүйж явдаг. Каз аваад ирвэл би иднэ. Би казах залуугийн урлаж бэлэглэсэн гутлыг өмсч яваа” хэмээн хэлж сэтгэлээ цайруулцгаалаа.
Өлгийн тэнгэр хангай, хүн зон түүнийг маш сайхнаар ивээн хүлээж авсан юм.
“Хүргэнээ 100 хувь дэмжинэ”
            Мөн өдрийн орой нэр дэвшигч Ц.Элбэгдорж Увс аймгийн төв Улаангомд хүрэлцэн ирэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар түүнийг дагалдан ажиллалаа. Мөн Монгол Улсын арслан Б.Ганбат, улсын зан Д.Бумбаяр тэргүүтэй Увс нутгийн хүчит бөхчүүдийн төлөөлөл дэмжихээ илэрхийлэн ирсэн байв.
Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөснөөр сурталчилгааны ажил эхлэв. Увсад орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялж, мөн л урам зоригтойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа оржээ.


Удахгүй Дулааны шинэ цахилгаан станц ашиглалтад орох гэж байгаа, хэтийн төлөвтөө төмөр замтай болох зэрэг олон бүтээлч ажил ундрах гэж байгаад иргэдийн урам сэргэсэн байв.
Ц.Элбэгдорж нутаг залгаа Ховдын унаган хүү төдийгүй түүний гэргий Х.Болормаа Увсын Өндөрхангайн уугуул юм. Тэргүүн хатагтай энэ удаа уугуул нутагтаа ирсэн юм. “Хадам сайтын хүргэн хүчтэй” хэмээн Увс нутгийнхан бэлгэшээж, ийм лут улстөрчийг дэмжиж тулж ирсэн нутгийн охиноороо бахархаж байлаа. Тиймдээ ч хүргэн хүүдээ 100 хувийн санал өгнө гэдгээ илэрхийлсэн юм. Иргэдтэй хийсэн уулзалт халуун дулаан уур амьсгалд болж, хүргэн хүүгээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, нутгийн охин тэргүүн хатагтайг тэвэр дүүрэн цэцгээр увсчууд мялааж амжилт ерөөлөө.
Өнөөдөр нэр дэвшигч Ц.Элбэгдорж Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Хөвсгөл аймагт ажиллах юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх:

 
back to top